Бүргэдийн ан буюу шувуучлахуй
Манай улсын какзак үндэстний бүргэдийн ан буюу шувуучлахуйн уламжлалт зан үйлийг ЮНЕСКО 2010 оны 11 сард “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл”-д албан ёсоор бүртгэн тунхагласан.
Манай өвөг дээдэс шонхороор ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй. Шувуучлахуйн нэг гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казах үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдүүн хэсэг болж өвлөгдсөн нь хүн төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай, гавъяатай хэрэг юм.
Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Шувуучлахуй буюу шонхор, бүргэдээр ан хийх зан үйл нь хоол хүнс, ангийн олз ашиг олох гэхээсээ илүү хүн, шувуу хоёрын хоорондын бат нөхөрлөл, хүн-байгалийн хүйн холбоог илэрхийлсэн уламжлалт зан үйл, ёс заншил, аман билигийн цогц нэгдэлийг илэрхийлсэн соёлын өвөрмөц өв болон уламжлагджээ. Шувуучид нь өөр хоорондоо соёл, уламжлал, аж төрөл, шашин сурталаар өөр өөр боловч анч шувууг хайрлан бахархах сэтгэл зүй, сургаж гаршуулах, тэжээж арчлах, тоног хэрэгслэлийг урлах арга хэлбэрээрээ дэлхий дахинд адил төстэй байдаг ажээ.
Ази, Африк, Европ зэрэг дэлхийн гурван тивийн, гурван өөр шашин суртал, соёл уламжлалтай орнууд “шувуучлахуй”-н зан үйлээр ийнхүү нэгдэж, хүн төрөлхтний соёлын нэгэн төлөөлөлд багтан ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд Соёлын биет бус өв үлэмж үүрэгтэй болохыг нотлон харуулж байна.