Монгол ардын уртын дуу
Уртын дуу нь Монголын уламжлалт дууны нэг төрөл юм. Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэрлэсэн.
Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар билүүдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм аяууд нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
Уртын дууны үг нь цөөн, ая нь урт, хүнгэнэн цуурайтаж, уужуу чөлөөтэй, учир явдлыг тоочиход тохиромжтой, уянгалахад сайхан тохирсон байдаг. Эх байгальдаа хандах сэтгэлээрээ дуулж, дуулах aйзам нь ч өөр өөр байдаг.
Дууны үгийн ихэнх агуулга нь тал нутаг, хүлэг морь, мал сүрэг, хөх тэнгэр, байгал дэлхийг илэрхийлж зурагласан байдаг. Гүн ухааны, шашны, романтик, баяр ёслолын гэх мэт олон янзын сэдэвтэй байдаг. Ихэвчлэн морин хуур хөгжимтэй хоршиж дуулах бөгөөд заримдаа лимбэний хамт дуулдаг.
Уртын дууг бэсрэг уртын дуу, айзам уртын дуу гэж 2 ангилдаг.
2005 онд ЮНЕСКО-гоос Монгол ардын уртын дууг дэлхийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн санд” бүртгэж авсан.