Увс нуурын байгалийн ай сав газар
Монгол орны төдийгүй дэлхийн гайхамшиг болсон Их нууруудын хотгорын ай савд багтах Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь говь, цөлөрхөг хээр, хээр тал, ой хээр, уулархаг нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс бүслүүрийн бүх шинж төрхийг агуулсан, эрс тэс уур амьсгалтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.
Энэ нутгийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд Увс нуур, Алтан элс, Түргэний уул, Цагаан шувуутыг дархан цаазат газрын ангиллаар, Хан Хөхий, Хяргас нуурыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Тэсийн голыг байгалийн нөөц газрын ангиллаар нийт 1.3 сая га нутгийг хамгаалалтын сүлжээнд хамруулжээ.
1997 онд Увс нуурын ай савын дархан цаазат газар нь НҮБ-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд, 1998 онд Хяргас нуурын байгалийн цогцолборт газарт багтдаг Айраг нуур, 1999 онд Ачит нуур, 2004 онд Увс нуур Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа Нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенц РАМСАР-д, 2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.